Дэлхийн хамгийн түгээмэл коктейлуудыг Гүүгл ахаас асууж, гарч ирсэн хариун дундаас өөрийн мэдэхийг түүвэрлэлээ.
1-р байранд Mojito, Cosmopolitan 2 ихэнхдээ өрсөлддөг бололтой. Mojito (Мохито) бол Куба ром дарс, нимбэгийн шүүс, спрайт ундаа, бор сахар болон хамгийн чухал орц болох гааны навчнаас бүтсэн сэнгэнэсэн амттай коктейль билээ. Зуны халуун орой хүмүүсийн уудаг хүйтэн шар айрагнаас ч сайхан мэдрэмж өгнө.Харахад л сэрүү оргиулаад л...
Mojito-гийн өрсөлдөгч бол Cosmopolitan. Ягаан өнгөтэй, Мартинигийн хундганд байх, секси ч гэж хэлж болох Cosmopolitan сүүлийн 20-30 жилийн хамгийн алдартай коктеилиэр шалгарсан. Секс ба Их Хот (Sex and the City) цувралыг үзсэн бол яах аргагүй энэ ундааг мэдэж, уухыг хүссэн байх нь тодорхой. Космогийн гол найрлага нь цангисийн жүүс, архи, жүржийн ликёр, нимбэгийн шүүс зэрэг ч газар нутаг тэр байтугай бартендер бүрийн орц өөр байдаг. Хэрэв өөрийгөө ер бусын үзэсгэлэнтэйгээр мэдэрч байвал, өнөө орой заавал Космо уугаарай.
Маргарита коктеиль ч дээгүүр байранд оржээ. Яах ч аргагүй хамгийн классик коктеилүүдийн нэг болох Маргарита нэг дор давсархаг, чихэрлэг бас хурц амтыг агуулдаг. Тэгэхээр энэ коктеиль маань нэг төрлийн адал явдал болж таарч байна. Орц нь ч бас энгийн, текила, жүржийн ликёр, нимбэгийн шүүс зэрэг юм. Гол нь хундагын ирмэгээр давс цацаж өгдөг. Текила, давс хоёрыг яахин салгаж болох билээ дээ. Хамгийн түгээмэл, хамгийн алдартай коктеилүүдийн нэг учраас мөн л орц найрлага нь тэр чинээгээрээ өөр байж болно.Дараагийн коктеиль бол Long Island Iced Tea. Та хэрвээ өнөө орой сайхан согтоё гэж бодож байгаа бол энэ коктеиль яг таарна. Маш олон төрлийн архийг хольдог бөгөөд өндөр стаканд хундагалдаг. Цагаан архи, текила, бакарди, жин архи, куантро зэргийг жүржийн шүүс, колатай холин олгоно. Бараг сургаар нь л согтмоор энэ коктеилийг уухаар шийдвэл араа ч бас бодоорой.
Мэдээж хамгийн түгээмэл коктеилийг шалгаруулахад хүн бүхний санал зөрөх ч би 5 дахь түгээмэл коктеилиэр энэ жагсаалтын 2 дахь хатуу коктеиль болох White Russian буюу Цагаан Оросыг шалгаруулж байна. Нилээд алкохолний найрлагатай энэ коктеильний бараг 3-ны 2 нь цагаан архи үлдсэн хэсэг нь кофе суурьтай ликёр мөн өтгөрүүлсэн сүү байдаг. Цагаан Оросын нэг сонирхолтой зүйл нь хэсэг хугацаанд `од` болж, хэсэг хугацаанд оргүй алга болдогт байдаг юм байна. Одоо `од` болж байгаа үе нь гэдэгт итгэлтэй байгаа шүү. Би Цагаан Оросыг бага зэрэг кремтэй холих дуртай, архины гашуун амт нь алга болдог юм.
Гэхдээ ихэнх коктеилүүд маш их чихрийн агууламжтай байдаг болохоор архитай нийлээд жин нэмэхэд хүргэдэг гэдгийг санаарай.
Архиа бага ууж, кофегоо их ууцгаая!