Tuesday, October 28, 2014

Зам Гаръя!

Нэг улаан гэрэл дээр таарчихаар тэр чигээрээ л улаан гэрэл дээр таараад байдаг юм шиг ээ. Өнөөдөр цаг хэртэй гадуур явсны бараг 15 минутанд нь зам гарах ногоон гэрлийг хүлээж зогссон байх аа. Аягүй идэвхитэй хүлээгээд зогсож байтал хажуугаар 2 жаахан хүүхэд ^За гялс гаръя аа! Хөдөө зан гаргаж хүлээх гээд байгаа юм биш биз дээ?^ гээд гүйлдээд өнгөрчихдөг юм байна. Би ч хөдөө зан гаргаад хүлээгээд үлдлээ.
Би хэд хэдэн газраар аялаж байсан л даа. Жишээ нь, Америкт үргэлж явган эсвэл дугуйтай явж байгаа хүнд зам тавьж өгөх ёстой. Аль ч уулзвар, зам дээр. Би нэг удаа дугуйтай явж байгаад машинд зөөлөн мөргүүлээд унасан юм. Жолооч нь гарж ирээд л, уучлал гуйгаад л, өөрийнхөө тэнэг мангарыг гайхаад л, бөөн юм болсон. Сүүлд нь учрыг нь сонсохнээ, хэрвээ би эмнэлэг явна, цагдаад хэлнэ гэсэн бол тэр жолооч 2000$-3000$ хүртэл торгуулж, би Америкт амьдрах виз ч авж болохоор байсан байна лээ. Гэхдээ яах вэ, буянаараа болог.
Харин Германд бол бүгд ногоон гэрлийг хүлээнэ. Шөнийн 1 цагт, зам дээр ямар ч машин, цагдаа байхгүй байсан ч  ногоон гэрлээ чин үнэнчээр хүлээнэ. Хааяа би тэсэхгүй, машин багатай бол гэрэл харгалзахгүйгээр гүйчихдэг байсан юм. Тэгэхээр хүмүүс бүгд сонин хараад л... Тэгж гүйх бол тэнд хөдөөний зан юм шиг байгаа юм.
Харин Монголд зам гарах үнэн асуудалтай, хүлээхээр хөдөөнийх гээд, хүлээхгүй бол соёлгүй гээд. Яах ч ёстой юм. Ядаж байхад, зүв зүгээр явж байтал цагдаа нь ирээд мөргөчихдөг сурагтай. Гэхдээ гэрлэн дохио ихтэй болж, хүмүүсийн ихэнх нь замаар зөв гарж байгаа нь сайн хэрэг. Одоо үндсэн асуудалдаа оръё, хүлээх чинь хөдөө зан биш биз дээ?

Saturday, October 25, 2014

Бидний тухай юу мэдмээр байна?

Бүсгүйчүүдийн тухай? гээд асуутал:
1. Эрэгтэй хүний юуг нь хардаг вэ?
2. Яаж найрах вэ?
3. Найрахдаа юу ярьвал зүгээр вэ? гэсэн асуултууд авлаа.
Мэдээж хүн бүрийн хариулт өөр, гэхдээ өөрийн зүгээс чадахаараа хариулья.
1. 10-н жилийн жаахан охин байхдаа царай хардаг байлаа. Мэдээж cool байх хэрэгтэй. Тэгээд л үсээ гоё засчихсан, гоё үнэр үнэртүүлсэн, сагс ч юмуу тоглодог, өндөр гээд л шалгуур өндөртэй. Гэхдээ дандаа өнгөн төрхийг чухалчилдаг байсан байгаа биз? Бүгд биш ч ихэнх охид ийм л байсан, ийм л байгаа.
Харин дараа нь хуваагдана. Нэг хэсэг нь эд хөрөнгийг чухалчилдаг болно. Гоё хувцас авж өгөөд л, хоолонд оруулаад л, юм юманд даагаад л байх хэрэгтэй... Машинтай бол аягүй сайн, байртай бол бүр ч сайн.
Нөгөө нэг хэсэг нь бас мөнгөтэй байх хүсэлтэй. Гэхдээ хүлээж чадна. Мөнгөтэй залууг биш ирээдүйд их мөнгө олж чадах залууг сонирхоно. Тэр нь одоохондоо хэн ч байж болно, юу ч хийдэг байж болно. Тэр залуугаа олсон бол дэмжээд, түлхээд, чирээд, хичээгээд ...
Ер нь охид нээх царай хардаг юм шиг мөртлөө бас үгүй ч юм шиг. Ааш зан их чухал юм шиг байгаа юм. Хичнээн царай муутай ч инээлгээд байвал татагдаж орхино. Царай хардаггүй гээд дэлбэрсэн байж болохгүй л дээ бас.
2. Найрах уу? Хаха. Их амархан. Эр хүн зоригтой байвал чоно чацага алдана. Зоригтой тэгээд бага зэрэг мэдрэмжтэй байвал болох ч юмуу. Хэрвээ надад сайн гэдгээ мэдэгдэхгүй бол би яаж чамд боломж олгох юм бэ? Хэл! Хүн хийсэн зүйлсдээ биш хийж чадаагүй зүйлсдээ илүү их харамсдаг гэсэн.
3. Хүний хамгийн дуртай сэдэв нь өөрөө гэдэг үг байдаг юм байна лээ. If you know what I mean...

Сайн уу? Улаанбаатар хотын бүсгүйчүүдээ!

Мөн энэ их хотын залуусаа! Амьдрал хэр байна даа? Залуу насныхаа ид шидийг гаргаад явж байна уу? Сэрүү орсон 10-р сарын сүүл, амралтын өдрөөр та бүхэн дуртай газраа суугаад найзуудтайгаа уулзаж байна уу? Real Madrid vs Barcelona тоглолттой, хөлбөмбөгт дуртай бүсгүйчүүд байгаа л биз дээ?
Хаврын нэгэн өглөө сэрэхэд би 20 хүрчихсэн байсан юм. Тэр үед хээрийн галуу нисэн үл хүрэх газар, эрдэмд шамдан суралцаж байлаа. Харин хэдэн жилийн дараа, өөрөөр хэлбэл саяхан, эх орондоо эргэн ирж, Улаанбаатар хотдоо суурьшив. Хэдэн жилийн дотор хот маань танигдахын аргагүй өөрчлөгдөж... Тиймээс би дахин энэ хотыг шинээр нээж, судлах хэрэгтэй болсон юм. Магадгүй над шиг, Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй охид их байх...
Энд 3 төрлийн хүмүүс амьдарж байна. 1. Улаанбаатарт төрсөн. 2. Өөр хотоос ирсэн. 3. Гадаадад төрж өсөөд ирсэн. Хэн ч байлаа гэсэн, УБ-аас хайр дурлал, боломжууд, аз жаргал хайж ирсэн нь ойлгомжтой. Олж чадах болов уу?
Юутай ч, УБ-ын маань үдэш намуухан юм аа. Учирсан хосууд нь юу гэж ярьдаг юм бол? Би бас энэ хотын хамгийн сайхан ресторан, хамгийн тохилог кофе шоп, хамгийн сонголт сайтай дэлгүүр, хамгийн алдартай шөнийн клуб, хамгийн царайлаг залуус, хамгийн хөөрхөн охидын талаар их сонирхож байгаа.