Friday, October 16, 2015

Нүдэн баримжаагаар - UB JAZZ CLUB


Гэнэт өөрийн орох дуртай энэ газрын тухай бичмээр санагдчихлаа. Би мэргэжлийн хоол шүүмжлэгч, ресторан шүүмжлэгч биш болохоор өөрийнхөө л туршлагыг бичье. Жааз Клаб маань Хүүхдийн 100 буюу Сөүлийн гудамжинд байрладаг. Би яг тэнд гээд хэлчихэж чадахгүй байна гэхдээ Сөүлийн гудамжаар өлийгөөд явж байхад олдож л таараа.


Зундаа гадаа суух талбайгаа үнэхээр дажгүй зассан байсан. Ширээ тус бүр нь жижигхэн саравчинд, дээрээ гэрэлтэй, тэрүүхэн тэндээ тусгаарлагдчихсан. Харин дотроо бол намхан, жижигхэн ширээнүүдтэй, бас ихэвчлэн гадныхан суудаг өндөр тек маягийн ганц урт ширээтэй, улаан хүрэн ханатай. Тохилог санагддаг шүү.

За хоол нь гэвэл Армянь үндэсний хоолоор үйлчилдэг, би л лав 2 төрлийн хоол, Цезарь салат, шарсан төмсийг нь идэж байсан. Би Армянь хоол ойлгохгүй юм байна лээ. Гэхдээ муухай  биш байсан. Нээрээ, бодоод байсан чинь би хаана ч орж, юу ч идэж, ууж байсан дандаа шарсан төмс авдаг юм байна ш дээ. Эдний шарсан төмс порц ихтэй, бас ч үгүй салса малсатай ирнэ ээ. 

Уух юмны хувьд гэвэл хаа сайгүй байдаг ихэнх уух юм байдаг. Хамгийн таалагдсан нь захиалсан уух юмаа өөрийн хүссэнээр жаахан өөрчлүүлэхэд татгалзах юмгүй зөвшөөрөөд, гоё хийгээд ирдэг нь. Би бол кофендоо жаахан крем нэмүүлэх гэх мэтчилэн жижиг сажиг юм орох болгондоо хүсдэг юм.

Үйлчилгээ бол нэг эрэгтэй зөөгч байдаг юм аа. Олон жил ажиллаж байгаа байх гэж би боддог. Яагаад гэвэл менюн дээрээ тэрний зураг нь байдаг юм. За тэр ч яах вэ, тэр залуу ёстой мундаг, үнэхээр эелдэг, хурдан бас алдаа нэг их гаргадаггүй, гэхдээ хэтэрхий серёзны ч биш. Тэр бараг Жааз Клабын захирлын хүү байх аа. Харин зун хэдэн эмэгтэй зөөгчид байсан нь хүн дуудаад байхад сонсдоггүй, сонсохоороо ирдэггүй, ирэхээрээ захиалга авдаггүй, авахаараа авчирж өгдөггүй, авчирж өгөхөөрөө хурааж авахаа мэддэггүй тийм хүмүүс байсан л даа.

Жааз Клабын тайзан дээр нэг их секси улаан микрофон байдаг юм. Орох болгонд тэрэнд нүд унагаана. Хүн хэрэглэж байсныг хараагүй болохоор сувинер ч байж магадгүй. Тэгэхдээ нэг өдөр би тэрийг өөрийн болгоноо, муахахахаха

Wednesday, October 7, 2015

Цистит - яаж нэгийгээ үзэлцэх вэ?

Сайн байцгаана уу?
Та бүхэнд энэ цастай, шавартай, салхитай, үүлтэй, нартай, намар ч юм шиг, өвөл ч юм шиг өдрийн мэндийг хүргэе! Ажил амьдрал хэр байна даа?
Би яах вэ, дажгүй шүү. Дажгүй ч гэж дээ, ажиллаж амьдрах гээд зүтгэж явтал зам дээр цистит гэж нэг юм гарч ирээд гай болоод байх юм. Цистит болж үзээгүй хүн ямар хэцүү байдгийг нь ойлгохгүй байх. Ямар ч байсан хөнгөнөөр бие засмаар байнга санагдаад, ариун цэврийн өрөө орохоор зүгээр л өвдөөд байдаг нэг тийм өвчин юм.
Тэгээд хүйтний улиралд охид, бүсгүйчүүдэд их тохиолддог болохоор интернетээр олж мэдсэн жаахан мэдлэгээ хуваалцая гэж бодлоо.
Тэгэхээр бид цистит даарснаас үүдэлтэй гэж боддог, би ч бас 30 минутын өмнөх хүртэл яг тэгж бодож, хэзээ, хаана, яаж даарснаа санах гээд сууж байлаа. Гэтэл цистит бол даарснаас болж биш харин бидний биед байдаг E. Coli гэдэг бактери шээсний сүвээр дамжин, давсганд орж үржсэнээр эхэлдэг өвчин юм байна. Бохир бассеинд сэлэх, хэт хурц үнэртэй саван хэрэглэх, дархлаа муудах зэрэг харин энэ бактерийг үржихэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг бололтой.
За, тэгвэл яаж гялс циститээс салах вэ? Нэгэнт энэ өвчин маань бактерийн гаралтай үрэвсэл учраас антибиотикт дарагддаг байх нь. Ихэвчлэн эмэгтэй хүмүүс 3 хоног, эрэгтэй хүмүүс 7-14 хоног антибиотикийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Харин антибиотик үйлчилж эхэлтэл халуун жин тавих, халуун усанд суух, цэвэр ус ихээр уух, цангис жимс идэх нь өвчнийг намдаах нь. Би ажилтай байгаа учраас өвчин намдаах эм уугаад, усыг аяга аягаар нь залгилж, Хасажи-гийн хатаасан цангис жимсийг мэрээд сууж байна даа. Бас антибиотик авсан.
Циститийг хэрвээ эмчлэхгүй орхивол 4-9 хоногийн дотор өөрөө эдгэрдэг ч E. Coli бактери бөөр лүү орж үрэвсүүлэх аюултай байдаг юм байна. Харин бөөрний өвчин бол энэ циститний хажууд хэдэн арав дахин муухай учраас эртхэн дээр нь эмчлэх хэрэгтэй гэж байна шүү нөхдүүдээ!
mayoclinic.org хуудаснаас мэдээллийг авав.