Wednesday, October 7, 2015

Цистит - яаж нэгийгээ үзэлцэх вэ?

Сайн байцгаана уу?
Та бүхэнд энэ цастай, шавартай, салхитай, үүлтэй, нартай, намар ч юм шиг, өвөл ч юм шиг өдрийн мэндийг хүргэе! Ажил амьдрал хэр байна даа?
Би яах вэ, дажгүй шүү. Дажгүй ч гэж дээ, ажиллаж амьдрах гээд зүтгэж явтал зам дээр цистит гэж нэг юм гарч ирээд гай болоод байх юм. Цистит болж үзээгүй хүн ямар хэцүү байдгийг нь ойлгохгүй байх. Ямар ч байсан хөнгөнөөр бие засмаар байнга санагдаад, ариун цэврийн өрөө орохоор зүгээр л өвдөөд байдаг нэг тийм өвчин юм.
Тэгээд хүйтний улиралд охид, бүсгүйчүүдэд их тохиолддог болохоор интернетээр олж мэдсэн жаахан мэдлэгээ хуваалцая гэж бодлоо.
Тэгэхээр бид цистит даарснаас үүдэлтэй гэж боддог, би ч бас 30 минутын өмнөх хүртэл яг тэгж бодож, хэзээ, хаана, яаж даарснаа санах гээд сууж байлаа. Гэтэл цистит бол даарснаас болж биш харин бидний биед байдаг E. Coli гэдэг бактери шээсний сүвээр дамжин, давсганд орж үржсэнээр эхэлдэг өвчин юм байна. Бохир бассеинд сэлэх, хэт хурц үнэртэй саван хэрэглэх, дархлаа муудах зэрэг харин энэ бактерийг үржихэд үнэтэй хувь нэмрээ оруулдаг бололтой.
За, тэгвэл яаж гялс циститээс салах вэ? Нэгэнт энэ өвчин маань бактерийн гаралтай үрэвсэл учраас антибиотикт дарагддаг байх нь. Ихэвчлэн эмэгтэй хүмүүс 3 хоног, эрэгтэй хүмүүс 7-14 хоног антибиотикийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Харин антибиотик үйлчилж эхэлтэл халуун жин тавих, халуун усанд суух, цэвэр ус ихээр уух, цангис жимс идэх нь өвчнийг намдаах нь. Би ажилтай байгаа учраас өвчин намдаах эм уугаад, усыг аяга аягаар нь залгилж, Хасажи-гийн хатаасан цангис жимсийг мэрээд сууж байна даа. Бас антибиотик авсан.
Циститийг хэрвээ эмчлэхгүй орхивол 4-9 хоногийн дотор өөрөө эдгэрдэг ч E. Coli бактери бөөр лүү орж үрэвсүүлэх аюултай байдаг юм байна. Харин бөөрний өвчин бол энэ циститний хажууд хэдэн арав дахин муухай учраас эртхэн дээр нь эмчлэх хэрэгтэй гэж байна шүү нөхдүүдээ!
mayoclinic.org хуудаснаас мэдээллийг авав.

1 comment:

  1. bayarlalaa :) buurund ordog gj yostoi medeeguim bnshu
    sain dulaan huvtsaslaarai

    ReplyDelete