Saturday, November 29, 2014

100 аз жаргалтай өдөр - 5

Хэдэн өдрийн өмнөөс төлөвлөж, хаашаа явж, юу хийхээ ярилцсаны дараа баяр баясалтайгаар охидын оройдоо очдог юм шдээ. Уулзаад сайхан хоол идсэний дараа кофе ууна, эсвэл ганц нэг коктэйл шимнэ. Тэгээд л хамаг юмаа ярина л даа, гэхдээ охидын орой юу ярьдаг, юу хийдэг нь яг тэндээ нууц болоод үлдчихдэг юм. Би нэг нууцыг нь задлах уу? Элгээ хөштөл, гэдэснийхээ 6 булчинг чангартал, тэр танхимд байгаа бүх хүмүүсийн анхаарал бид нар дээр төвлөртөл, зөөгч, зохион байгуулагч нарыг муухай хартал, хүссэнээрээ инээдэг юм. Тэгээд нэг уулзахаараа салахыг хүсэхгүй, нэг салвал дараа бөөнөөрөө цуглартал бас л удна дөө.
Ер нь охидын орой стресс тайлах хамгийн сайн арга байх. Эрчүүд шиг их ууж, улс төр ярихгүй. Охид цугтаа байхдаа төрийн төлөө боож үхэх ер нь ховор доо. Бие биенээ ч уруу татахгүй, заавал шөнө орой болтол гадуур тэнэхгүй. Хүүе, яанаа, би охидын оройн нууцаас дэлгээд байна шдээ.
Эрчүүд гэснээс, охидын оройд эрчүүд хориотой. Хичнээн сайхан залуу ирж өдсөн ч уучлаарай гээд л явуулах нь зөв. Найз залуучууд, нөхрүүд бас л ирж болохгүй, байн байн залгаж болохгүй, хардаж болохгүй. Гэхдээ мэдээж, биднийг тарахаар ирээд, гэрт хүргээд өгчихөж болно.
Эцэст нь хэлэхэд: LOVE U GIRLS!!!

Friday, November 28, 2014

100 аз жаргалтай өдөр - 4

Тэр төгс улаан уруулын будаг. Өөр хэлэх ч үг алга. Тэр төгс улаан уруулын будгийг олчихсон бол бүсгүй чи тэрнийгээ түрхэх бүрдээ аз жаргалтай болох хэрэгтэй. Хэрвээ олоогүй бол хурдан олоорой.

Thursday, November 27, 2014

100 аз жаргалтай өдөр - 3


Чиний хувьд үнэхээр сайхан, найз залуугийн чинь хувьд үнэхээр хэцүү санагддаг нэг зүйл байдаг. Тэр юу гээч? Цэл хүйтэн, мөс шиг хөлөө түүний гэдсэнд наах. Өвлийн хүйтэн шөнө ингэхээр хийморь сэргээд л явчихна. Бас түүний наалгахгүй гэж зүтгэхийг нь хараад хөөрхөн баясчихна. Би муу найз охин байна уу?
Өнөөдөр найз залуугийнхаа гэдсэнд хөлөө нааж чадахгүй ч өмнө нь олон удаа нааснаа, ирээдүйд олон удаа наахаа бодсон чинь аз жаргалтай болчихлоо. Түүндээ эрхэлж байгаа бас нэг хэлбэр шүү дээ. Ингээд олон олон охиддоо амжилттай хөлөө дулаацуулж, мөн амжилттай өөрсдийн гэдсээ дайралтаас хамгаалахын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Wednesday, November 26, 2014

100 аз жаргалтай өдөр - 2

Өнөөдөр намайг юу аз жаргалтай болгов гээч?
Энэ дуу!!! Өлсгөлөн тоглоомын цуврал киноны дуу гэвэл мэдэх болов уу? Дуулсан дуучин нь 96 оны охин, Шинэ Зеландаас гаралтай, өөрөө дуугаа бичдэг гэнэ. Аргагүй л 96, 97, 98 оныхон хүчээ авж байгаа гэдэг нь үнэн юм аа.
Яагаад энэ дуу таалагдав гэхээр, үг нь аягүй зэвүүн. Яг гудамжаар сонсоод алхахаар нэг л тийм, ондоо.
Би бол гантигаар сийлсэн гүнж, шуурганаас илүү хүчтэй
Миний биен дэх сорви алт, мөнгөөр бүрээстэй
Цусаар минь бадмаараг, үнэт чулуу урсана
Судсыг минь тэд халуун байлгана, гал над дээр дүрэлзэн шатна
Гал шиг чимээгүйхэн хотоор алхаж байна би
Хүзүүний зүүлт минь олс, хүлж бас хүлээсийг нь тайлна би...

Tuesday, November 25, 2014

100 аз жаргалтай өдөр - 1

Өнөөдрөөс эхлээд өдөр бүр өөрт минь сайхан санагдсан 1 зүйлийг блогдоо оруулж байхаар шийдлээ. Эхнийх нь энэ хөөрхөн, гялалзсан, ганган гацуур. Цас ч үгүй саарал гудамжийг гэрэлтүүлээд, хажуугаар нь гарж байгаа хүмүүсийг хөөрхөн хөгжөөж, шинэ он ирж байгаа шүү гээд Central Tower-н урд гозойгоод байж байна лээ.
Шинэ он гэдэг чинь шинэ эхлэл, итгэл найдвар, догдлол хүлээлтийн бэлэг тэмдэг гэж боддог шд. Уул нь, одоо цас ороод, эргэн тойрон цав цагаан байсан бол гоё байхгүй юу. Тэгээд л, том том ширхэгтэй зөөлөн цас хаялж байхад яг энүүгээр алхаад, даараад хацар улайчихсан, бондойтлоо дулаан хувцасаа давхарлаад өмсчихсөн, нусаа татсан шигээ санаа алдаад, шинэ жилийн дуу сонсоод, тэрүүхэндээ жаахан гэгэлзээстэй, бас ч үгүй овоо цоглог, хальтарж мальтраад л адал явдалтай байх байлаа. Даанч цас яачихаа вэ? Ороочээ, цасаа чи!!!
Цасгүй бол өвлийн улирал өөрөө утгагүй шд. Аягүй хүйтэн намрын улирал шиг л... Цас орчих юм бол энэ торойгоод зогсож байгаа гацуур, их дэлгүүрийн урд байгаа бас нэг гацуур энтр учраа олох гээд байгаа юм. Тэгэхгүй бол гариг андуураад ирчихсэн юм шиг эвгүй харагдаад байгаа байхгүй юу. За ороорой чи, цасаа!

Sunday, November 2, 2014

Хайртай юу? Байртай юу? Байртай! Тэгвэл Хайртай!!!

Амьдрал чинь үргэлж аз жаргалтай төгсгөл, халуун шоколад, зөөлөн хөнжил, сонирхолтой ном, түгжрэлгүй зам, азтай учрал, сайхан хайр энтр байдаггүй юм байна шд. Би нэг аягүй өрөвдөлтэй юм ярья. Одоо залуу хүмүүс бидний дунд хамгийн тулгамдсан асуудал бол яах аргагүй байр сууцны асуудал. Байр гэдэг үг хэлэнгүүт л шууд толгой өвдөж байгаа биз дээ? Бидний зарим нь өөр аймгуудаас ирдэг учир угаас УБ-д байргүй, угийн УБ-нх байлаа ч өдий 20 гарчихаад аав ээжтэйгээ хамт амьдрах хэцүү. Тэгээд тусдаа гарах гэхээр тусдаа гарж чадахгүй, нөхөртэй болсон ч гарах хэцүү. Байр аймар үнэтэй. Би тэгвэл та нарт байр авж болох хэдэн сонголтуудыг хэлж өгье.
1. Баттулга гишүүний хэлсэн шиг аль нэг спортын төрлөөр уйгагүй хичээллэж, дэлхийн хэмжээний тамирчин болох, Олимпод түрүүлэх. Тэгэнгүүт сайхан сэтгэлт Монгол баячууд гэр орон, унаа тэрэг, утасны дугаар гээд бүгдийг нь бэлэглэнэ. Амжилт гаргахын тулд дор хаяж 6-7 жил спортоор хичээллэж, хамаг бүхнээ зориулах л хэрэгтэй.
2. Сугалаанд байр хожих. Энэ аягүй амархан санагдаад байгаа юм. Ламд очиж ном уншуулж, хийморь сүлдээ дуудуулах хэрэгтэй. Тэгээд байрны хонжвортой, эсвэл их мөнгө хожих сугалаа худалдаж аваад, залбираад сууна. Хэзээ ч байр хожиж болзошгүй учраас байнгын нүүх бэлтгэлтэй байвал зүгээр байх шүү.
3. Аав ээж чинь байр авж өгөх чадалтай бол тэднээр байр авахуулах. Сайхан ярилцаж байгаад хүссэн байраа авахуулж болно. Ийм боломжтой айлын хүүхдүүдэд бол байр зовлон биш, үнэхээр сайхан. Нэгэнт байр авахуулж байгаа болохоор давраад тавилгыг нь авахуулах хэрэгтэй. Улам давраад нэг машинтай болсон ч болно. Амьдрал тавтай морил гэж байна шд.
4. Баян айлын бандгар хүүг уургалах. Эсвэл баян айлын бандгар аавыг уургалсан ч болно. Гол нь чи туранхай, өндөр байх хэрэгтэй. Царай нээх хамаагүй, будаж болно, мэс засал хийсэн ч болно. Гэхдээ гялс, бүр маш хурдан байр, машин, булга, шуба юу байдаг юм хүссэн юмаа салгах хэрэгтэй. Алтан загас чинь удахгүй өөр хүний хүслийг биелүүлэх гээд явчих байх.
5. Өөрийн хүч чадал, авьяас билгээрээ байртай болох. Сайн цалинтай ажилтай болох их чухал. Эхлээд хэдэн жил урьдчилгаа мөнгөө цуглуулна. Дараа нь зээлд хамрагдана. 15-20 жил өртэй явсны эцэст байртай болно доо. Нөхөртэй бол их сайн, мөнгө чинь 2 дахин хурдан цугларна. Сайн хичээвэл 35тайдаа байрны урьдчилгаа мөнгө босгочихсон байна гээд бод доо?
6. Ерөөсөө л байр авахгүй байх. Түрээсэлж болно, аав ээжийндээ амьдарж болно, зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдарж болно, гудамжинд гарж болно. Юу ч төлөвлөж хуримтлуулж, юун дээр ч хичээх хэрэггүй. Мөрөөрөө явж байтал нэг л өдөр  амьдрал (амьдрал ч яг биш, энэ эдийн засаг нийгмийн тогтолцоо) чамайг май чи! гэж өшиглөөд хог дээр авааччихна.
Тэгээд аль санаа нь илүү таалагдаж байна даа? Би бол 2, 5, 6-н хооронд л эргэлдээд байгаа юм. Гэхдээ нэг л өдөр өөрийн гэсэн гэртэй болно гэдэгтэй итгэлтэй байгаа. Тэгэхээрээ өдөр болгон шалаа угааж, тоосоо арчиж байна гэдгээ амлаж байна!