Амьдрал чинь үргэлж аз жаргалтай төгсгөл, халуун шоколад, зөөлөн хөнжил, сонирхолтой ном, түгжрэлгүй зам, азтай учрал, сайхан хайр энтр байдаггүй юм байна шд. Би нэг аягүй өрөвдөлтэй юм ярья. Одоо залуу хүмүүс бидний дунд хамгийн тулгамдсан асуудал бол яах аргагүй байр сууцны асуудал. Байр гэдэг үг хэлэнгүүт л шууд толгой өвдөж байгаа биз дээ? Бидний зарим нь өөр аймгуудаас ирдэг учир угаас УБ-д байргүй, угийн УБ-нх байлаа ч өдий 20 гарчихаад аав ээжтэйгээ хамт амьдрах хэцүү. Тэгээд тусдаа гарах гэхээр тусдаа гарж чадахгүй, нөхөртэй болсон ч гарах хэцүү. Байр аймар үнэтэй. Би тэгвэл та нарт байр авж болох хэдэн сонголтуудыг хэлж өгье.
1. Баттулга гишүүний хэлсэн шиг аль нэг спортын төрлөөр уйгагүй хичээллэж, дэлхийн хэмжээний тамирчин болох, Олимпод түрүүлэх. Тэгэнгүүт сайхан сэтгэлт Монгол баячууд гэр орон, унаа тэрэг, утасны дугаар гээд бүгдийг нь бэлэглэнэ. Амжилт гаргахын тулд дор хаяж 6-7 жил спортоор хичээллэж, хамаг бүхнээ зориулах л хэрэгтэй.
2. Сугалаанд байр хожих. Энэ аягүй амархан санагдаад байгаа юм. Ламд очиж ном уншуулж, хийморь сүлдээ дуудуулах хэрэгтэй. Тэгээд байрны хонжвортой, эсвэл их мөнгө хожих сугалаа худалдаж аваад, залбираад сууна. Хэзээ ч байр хожиж болзошгүй учраас байнгын нүүх бэлтгэлтэй байвал зүгээр байх шүү.
3. Аав ээж чинь байр авж өгөх чадалтай бол тэднээр байр авахуулах. Сайхан ярилцаж байгаад хүссэн байраа авахуулж болно. Ийм боломжтой айлын хүүхдүүдэд бол байр зовлон биш, үнэхээр сайхан. Нэгэнт байр авахуулж байгаа болохоор давраад тавилгыг нь авахуулах хэрэгтэй. Улам давраад нэг машинтай болсон ч болно. Амьдрал тавтай морил гэж байна шд.
4. Баян айлын бандгар хүүг уургалах. Эсвэл баян айлын бандгар аавыг уургалсан ч болно. Гол нь чи туранхай, өндөр байх хэрэгтэй. Царай нээх хамаагүй, будаж болно, мэс засал хийсэн ч болно. Гэхдээ гялс, бүр маш хурдан байр, машин, булга, шуба юу байдаг юм хүссэн юмаа салгах хэрэгтэй. Алтан загас чинь удахгүй өөр хүний хүслийг биелүүлэх гээд явчих байх.
5. Өөрийн хүч чадал, авьяас билгээрээ байртай болох. Сайн цалинтай ажилтай болох их чухал. Эхлээд хэдэн жил урьдчилгаа мөнгөө цуглуулна. Дараа нь зээлд хамрагдана. 15-20 жил өртэй явсны эцэст байртай болно доо. Нөхөртэй бол их сайн, мөнгө чинь 2 дахин хурдан цугларна. Сайн хичээвэл 35тайдаа байрны урьдчилгаа мөнгө босгочихсон байна гээд бод доо?
6. Ерөөсөө л байр авахгүй байх. Түрээсэлж болно, аав ээжийндээ амьдарж болно, зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдарж болно, гудамжинд гарж болно. Юу ч төлөвлөж хуримтлуулж, юун дээр ч хичээх хэрэггүй. Мөрөөрөө явж байтал нэг л өдөр амьдрал (амьдрал ч яг биш, энэ эдийн засаг нийгмийн тогтолцоо) чамайг май чи! гэж өшиглөөд хог дээр авааччихна.
Тэгээд аль санаа нь илүү таалагдаж байна даа? Би бол 2, 5, 6-н хооронд л эргэлдээд байгаа юм. Гэхдээ нэг л өдөр өөрийн гэсэн гэртэй болно гэдэгтэй итгэлтэй байгаа. Тэгэхээрээ өдөр болгон шалаа угааж, тоосоо арчиж байна гэдгээ амлаж байна!
No comments:
Post a Comment