Өнөөдрөөс эхлээд өдөр бүр өөрт минь сайхан санагдсан 1 зүйлийг блогдоо оруулж байхаар шийдлээ. Эхнийх нь энэ хөөрхөн, гялалзсан, ганган гацуур. Цас ч үгүй саарал гудамжийг гэрэлтүүлээд, хажуугаар нь гарж байгаа хүмүүсийг хөөрхөн хөгжөөж, шинэ он ирж байгаа шүү гээд Central Tower-н урд гозойгоод байж байна лээ.
Шинэ он гэдэг чинь шинэ эхлэл, итгэл найдвар, догдлол хүлээлтийн бэлэг тэмдэг гэж боддог шд. Уул нь, одоо цас ороод, эргэн тойрон цав цагаан байсан бол гоё байхгүй юу. Тэгээд л, том том ширхэгтэй зөөлөн цас хаялж байхад яг энүүгээр алхаад, даараад хацар улайчихсан, бондойтлоо дулаан хувцасаа давхарлаад өмсчихсөн, нусаа татсан шигээ санаа алдаад, шинэ жилийн дуу сонсоод, тэрүүхэндээ жаахан гэгэлзээстэй, бас ч үгүй овоо цоглог, хальтарж мальтраад л адал явдалтай байх байлаа. Даанч цас яачихаа вэ? Ороочээ, цасаа чи!!!
Цасгүй бол өвлийн улирал өөрөө утгагүй шд. Аягүй хүйтэн намрын улирал шиг л... Цас орчих юм бол энэ торойгоод зогсож байгаа гацуур, их дэлгүүрийн урд байгаа бас нэг гацуур энтр учраа олох гээд байгаа юм. Тэгэхгүй бол гариг андуураад ирчихсэн юм шиг эвгүй харагдаад байгаа байхгүй юу. За ороорой чи, цасаа!
No comments:
Post a Comment