Wednesday, December 17, 2014

100 аз жаргалтай өдөр - 9

Хүн юунаас ч аз жаргал олж хардаг, таашаал авдаг байж болно тээ? Би ингээд л дүн өвлийн хүйтэнд чих, хамар, хацар хөлдөөд бараг нүүрнээс тасарж унах шахчихсан явж байхдаа, халуун Американо уугаад, Lana Del Rey эгчийн Summertime Sadness дууг сонссон чинь аягүй гоё санагдлаа. Шал эсрэг тэсрэг, хар өвлөөр `Зун цагийн гуниглал` энтр гээд дуулчихсан... Угаасаа хүйтэн, нойтонд дуртай хүн гэж байдаггүй байх аа. Би тэгээд даарж байгаадаа, яагаад өвөл болчихов оо гээд гуниглаад тэр дууг сонссон байхгүй юу. 
Хүн ер нь сонин амьтан юм аа, би зун халууцаад явж байхдаа яанаа, харлалаа, борлолоо, наршлаа, хайллаа хурдан оройн сэрүү ороосой, намар болоосой, сэрүүцмээр байна гэх зэргийн юм боддог. Тэгээд намар болонгуут гялс хавар болчоосой, яаж өвлийг давнаа гээд л. Хавар болонгуут шороо тоостой, сэтгэл гэгэлзээстэй, синдром хөдлөөстэй, яршиг хурдан зун болчихоосой гэх мэт... Хэзээ ч байгаа юмандаа сэтгэл ханахгүй. Яг одоо жишээ нь хурдан шинэ жил болоосой гэж бараг хүн болгон л бодож байгаа байх, гэхдээ яг 31 чинь бол шуураад л өнгөрнө шд. Тэгээд л маргааш нь нэг их гунигтай хүмүүс ирэх шинэ жилийг хүлээж энтр. Оронд нь шинэ жил болоосой гээд хүлээх бас их гоё догдлолтой байдгийг хүлээн зөвшөөрөөд дуу сонсож, кино үзэж өөртөө улам настри оруулсан нь илүү гоё доо. 

Friday, December 12, 2014

100 аз жаргалтай өдөр - 8

Өнөөдөр дахиад хайрлая! Гэхдээ өчигдөр гарж гүйж мүйгээд л, энд тэнд янз янзын юм хайрлаад байсан бол өнөөдөр ойрхноос, өөрийгөө хайрлая. Хайрлах хэрэгтэй шд, ёооё, чамайг өдий oлон жил яаж ч сайн муу хандаж байхад чинь хаяад явчихаагүй өөрийн биеэ тултал нь хайрлая. Хөөрхий энэ ходоод модоодондоо янз янзын юм хольж хийгээд л, хааяа нөгөөдөх нь эсэргүүцээд арга ядахдаа өвдөж байна шд. За тэгээд элэг, хөөрхий дөө миний муу элэг. Гээд л хэдэн дотор эрхтнүүдээ хайрлаад, үнсье.
Хоёр муу хөлөө хайрлая, сарвайсан хоёр гараа хайрлая, арзайсан хэдэн үсээ хайрлая, бондойсон хөөрхөн гэдсээ хайрлая, шингэхэн ч гэсэн урт сормуусаа хайрлая, залуу насаа, эрх чөлөөгөө хайрлая. Ингээд хайрлаад байна ш дээ тээ? Тэгэхээр аз жаргалтай болдог байхгүй юу! Аз жаргалыг холоос хайгаад байх хэрэггүй, хажууд байгаа энгийн зүйлсээсээ олж харж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Жишээ нь, манай дарга аймар муухай ааштай хүн байлаа гэж бодоход, бухимдаад байхгүй, харин хийморь сэргэтэл сайхан зад загнаж өгдөг дөө гээд баярлаад, хайрлах гэх мэт.. Хэхэ

Thursday, December 11, 2014

100 аз жаргалтай өдөр - 7

Хайрлая!!! Зүгээр л хайрлая! Май чи! Май л даа! Ингээд хайрлуул гээд хайрлаад өгье. Юу хайрлах вэ гэж үү? Юу ч байсан яадаг юм! Одоо шууд гараад өчигдөр шөнө гадаа хоносон, өнөөдөр дугаар нь явдаггүй машин дээр тогтсон байгаа цасан дээр `Хайртай шүү` гээд хуруугаараа биччихье. Гэхдээ чин сэтгэлээсээ шүү. Эсвэл зам дээр очоод явган хүний гэрлийг шууд тэвэрж аваад хайрлая. Тэр чинь хүнтэй машинтай нь зэрэг явуулаад хайр хүргээд байдаг юм. Сарыг хайрлая, тэгээд шөнө болгон ширтээд гуниглаж сууя. Нарыг бас хайрлая, өдөр нүдээ онийлгож байгаад ширтэж байя, үнсэлт илгээе, давхар Д витаминаа нөхөж авья. Шууд компьютерээ хайрлая, тоос моосыг нь арчия, өнөөдөр эрт унтрааж баярлуулъя. Бүсгүйчүүд нь харвингаа, эрчүүд нь гүзээгээ голж шилэхгүй хайрлая.
Эсвэл эмээ өвөөгөө хайрлая, эртхэн босоод утсаар ярьж амар мэндийг нь асууя, ээж аавыгаа хайрлая, сайн хүн болъё. Өчигдрийн автобусны кондуктарыг хайрлая л даа, мөнгө өгж яваад байхад чинь муухай хараад байна лээ шд, стресстэй байсан байх хөөрхий минь. Өөр хэнийг хайрлах уу? Нөгөө муу нэртэй, луу данстай 76-г хайрлая, бид нартай л адилхан эх орноо хөгжүүлэх сэтгэлтэй, бид нартай л адилхан хувиа хичээх сэтгэлтэй, бас бид нартай л адилхан төөрчихсөн явж байгаа шд. Мах идэж амьтны амь хөнөөдөггүй цагаан хоолтнуудыг, мах идэж өвснүүдийг авардаг махан идэштэнгүүдийг адилхан, ялгахгүй сайхан хайрлая. Баян хүмүүсийг нь сайхан хайрлая, ядуу хүмүүсийг нь яг адилхан сайхан хайрлая. Царайлаг, царай муутай аль алинийг нь сэтгэлээсээ хайрлая. Архичнийг хайрлая, харин архийг нь хайрлахгүй орхичихъё.


Tuesday, December 2, 2014

100 аз жаргалтай өдөр - 6

Өнөөдөр Халзаадай гэдэг хурганы тухай бичихээр шийдлээ. Манай эмээгийнх 2 жилийн өмнө Халзаадай гэдэг ганцхан хургатай, хэдэн үнээтэй байдаг байсан юм. Яагаад өнчин ганц хургатай болсон бэ гэхээр эмээгийн найз нь эмээг маань малд хайртайг нь мэддэг учраас сүргээсээ хоцроод ээжээсээ төөрсөн нэг хургыг үрчлүүлсэн гэсэн. Тэгээд л хэдэн том хүмүүс дунд ганц жижигхэн хурга, эрх гэж жигтэйхэн, идэж уухаар ч тасрахгүй аз жаргалтай хэд хонож л дээ. Тэгсэн нэг шөнө өнөөх хурга чинь ямар ч контролгүй газар өнхөрч, майлж, хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэнэ. Яасан гэхээр саа өвчтэй байж. Тэгээд эмээ яахаа мэдэхгүй, нэг хятад тариа байхаар нь хийтэл овоо тайвшраад, чичирж байгаад унтаад өгж. Эмээ ч энэ шөнийг давахгүй нь дээ гэж бодоод, өглөө нь сэрсэн чинь Халзаадай хөл дээрээ босчихсон, тоглочихсон байж байсан гэсэн.
Халзаадай аягүй ухаантай байж л дээ. Өвөө хааяа нэг цохиод авдаг болохоор өвөөгөөс айгаад ойртох ч үгүй, би яаж ч чадахгүй болохоор намайг дээрэлхэж, хааяа нэг очиход мөргөнө, хөөж давхина. Айгаад зугтахаар улам хөөрөөд 4 хөл дээрээ үсэрж гүйгээд л, тэр ер нь энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хурга байсаан. Бүр хөөрхөн юм ярьж өгөх үү? Усанд явах гээд тэргээ түрээд гарахаар араас дагаад гардаг гэж байгаа. Тэгээд л замдаа тэргээ бараадаад, айлын нохойтой танилцсан шигээ салхилна, бүр яг гэрийн тэжээвэр нохой шиг. Замд машинтай хүмүүс тааралдахаараа гайхаад, цонхоо буулгаж хардаг гэсэн. Бүтэн жил буюу нилээд том биетэй хонь болтлоо тэгж явсан байх аа, төсөөлөөд үз дээ? Нэг их том дэнхийсэн хонь усны тэрэг дагаад, 4 хөл дээрээ үсрээд давхиж байна гээд?
Халзаадай бас хажуу айлын 2 нохойтой их найз байсан гэж байна лээ. Хааяа уулзахаараа гурвуулаа хөөцөлдөж тоглодог байсан сурагтай. Эмээгийнд очсоноос 1 жилийн дараа нэг шөнө Халзаадайгийн нөгөө багын саа өвчин нь хөдөлж. Тэрнээс хойш бие дээрдэхгүй байсан учраас амьтан зовоож яах вэ гээд эмээ Халзаадайг муулуулсан юм билээ. Харин дараахан нь хамаатны ахын амнаас Халзаадайгийн махны ачаар хэд хоног сайхан шөл уулаа гэх аймар үг дуулдсан гэсэн. Хойд төрөлдөө хүн болж төрсөн байгаасай гэж залбиръя. Энэ постыг Халзаадайн гэгээн дурсгалд зориуллаа.