Tuesday, December 2, 2014

100 аз жаргалтай өдөр - 6

Өнөөдөр Халзаадай гэдэг хурганы тухай бичихээр шийдлээ. Манай эмээгийнх 2 жилийн өмнө Халзаадай гэдэг ганцхан хургатай, хэдэн үнээтэй байдаг байсан юм. Яагаад өнчин ганц хургатай болсон бэ гэхээр эмээгийн найз нь эмээг маань малд хайртайг нь мэддэг учраас сүргээсээ хоцроод ээжээсээ төөрсөн нэг хургыг үрчлүүлсэн гэсэн. Тэгээд л хэдэн том хүмүүс дунд ганц жижигхэн хурга, эрх гэж жигтэйхэн, идэж уухаар ч тасрахгүй аз жаргалтай хэд хонож л дээ. Тэгсэн нэг шөнө өнөөх хурга чинь ямар ч контролгүй газар өнхөрч, майлж, хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан гэнэ. Яасан гэхээр саа өвчтэй байж. Тэгээд эмээ яахаа мэдэхгүй, нэг хятад тариа байхаар нь хийтэл овоо тайвшраад, чичирж байгаад унтаад өгж. Эмээ ч энэ шөнийг давахгүй нь дээ гэж бодоод, өглөө нь сэрсэн чинь Халзаадай хөл дээрээ босчихсон, тоглочихсон байж байсан гэсэн.
Халзаадай аягүй ухаантай байж л дээ. Өвөө хааяа нэг цохиод авдаг болохоор өвөөгөөс айгаад ойртох ч үгүй, би яаж ч чадахгүй болохоор намайг дээрэлхэж, хааяа нэг очиход мөргөнө, хөөж давхина. Айгаад зугтахаар улам хөөрөөд 4 хөл дээрээ үсэрж гүйгээд л, тэр ер нь энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хурга байсаан. Бүр хөөрхөн юм ярьж өгөх үү? Усанд явах гээд тэргээ түрээд гарахаар араас дагаад гардаг гэж байгаа. Тэгээд л замдаа тэргээ бараадаад, айлын нохойтой танилцсан шигээ салхилна, бүр яг гэрийн тэжээвэр нохой шиг. Замд машинтай хүмүүс тааралдахаараа гайхаад, цонхоо буулгаж хардаг гэсэн. Бүтэн жил буюу нилээд том биетэй хонь болтлоо тэгж явсан байх аа, төсөөлөөд үз дээ? Нэг их том дэнхийсэн хонь усны тэрэг дагаад, 4 хөл дээрээ үсрээд давхиж байна гээд?
Халзаадай бас хажуу айлын 2 нохойтой их найз байсан гэж байна лээ. Хааяа уулзахаараа гурвуулаа хөөцөлдөж тоглодог байсан сурагтай. Эмээгийнд очсоноос 1 жилийн дараа нэг шөнө Халзаадайгийн нөгөө багын саа өвчин нь хөдөлж. Тэрнээс хойш бие дээрдэхгүй байсан учраас амьтан зовоож яах вэ гээд эмээ Халзаадайг муулуулсан юм билээ. Харин дараахан нь хамаатны ахын амнаас Халзаадайгийн махны ачаар хэд хоног сайхан шөл уулаа гэх аймар үг дуулдсан гэсэн. Хойд төрөлдөө хүн болж төрсөн байгаасай гэж залбиръя. Энэ постыг Халзаадайн гэгээн дурсгалд зориуллаа.

No comments:

Post a Comment