Saturday, January 10, 2015

Зүүднээс Эхэлсэн - 1

Шар шар шар...
Хөл доор цас дуугарна. Их хүйтэн байгаа бололтой харин би огт даарахгүй байх юм. Энд юу хийж байгаа юм бол оо би?
-Би маргааш явна.
Гэнэт хурц гэрэл нүд рүү туслаа. Машин уу? Ойртсоор, энэ маягаараа намайг дайрах нээ. Угаасаа намайг дайрах гэж ирсэн гэдгийг нь гэнэт ойлголоо. Харин яагаад гэдгийг нь ойлгосонгүй.
-Чи түүнтэй хамт эмнэлэгт явчих!
Би ямар нэг муу юм хийгээд, одоо хэн нэгэн нь надаас хариугаа авах гэж байгаа юм. Зугтаах гэтэл хөл хөдөлдөггүй ээ. Хурдан гүйхийг хүссэн ч хийж чадах ганц юм маань маш удаанаар алхах байлаа.
-Уучлаарай. Гэхдээ чи ойлго л доо. Өөр ямар ч арга алга.
Гүйж чадахгүй байгаадаа уур минь үнэхээр их хүрж, бараг л галзуурах нээ.
-Чамайг нэг насаар чинь ингэж зовоож байгаа болохоор надад ч бас хэцүү байна.
Гэнэт сэрчихэв. Зүүд байсан байна шүү дээ. Тэгээд л гүйж чадахгүй байсан байна. Орондоо хэдэн хором тайвшрах санаатай хэвтэнгээ, зүүдээ бодлоо. Тэр яриа нь юу байв аа? Бас л зүүд юм байх даа?
Өглөө сэрэх болгондоо өлсөж сэрдэг болохоор хамгийн түрүүнд гал тогоо руугаа нойрмоглож очдог зуршилтай хүн л дээ би. Сурсан зангаараа гал тогоо орвол аав ээж 1 цайгаа уучихсан сууж байна. Ээж хөмсгөө зангидаж ээ. Харин аав үгийн зөрөөгүй бушуухан цайгаа уучихаад зөрөөд гараад явчихав. Томилолтоор өнөөдөр хөдөө явж байгаа юм. Угаасаа л ийм хүн. Хэзээ ч намайг үнсэж, тэвэрж, надтай дотно байж үзээгүй дээ.
-Цай уу, охион!
Ээж ингэдэг юм, танихгүй охин дуудаж байгаа юм шиг. Гэхдээ ээж аавын яг эсрэг хүн. Надад хамаг юмаа яриж, намайг ч сайн сонсоно. Бага байхад хааяа ээж маань намайг тэвэрж удаан уйлчихаад юу болсныг асуухаар юу ч хэлдэггүй байсан юм. Их л уяхан хүн байсан юм шиг байна лээ.
-За. Аав та 2 тохиромжгүй байгаа юм уу?
Өөртөө цай аягаллаа.
-Үгүй үгүй.
-Ээж, худлаа яриад л. Гэхдээ юу ч байсан аавын буруу, таны зөв!
-Тэр ч үнэн шүү гээд бид 2 хөхрөлдлөө.
Амралтын өдөр би ном уншаад л, кофе уугаад л өнждөг юм. Харин ээж ганц амралтын өдрөөрөө өдөржин гадуур яваад орой нэг их ядарсан амьтан ирэв. Нэг л ууртай бас гунигтай. Бодвол хөөцөлдсөн ажил нь бүтээгүй бололтой.
Хэд хоногийн дараа аав томилолтоосоо ирлээ. Бушуухан усанд орчихоод том өрөөнийхөө буйдан дээр залраад, хэдэн мэдээний сувгуудыг ээлжлээд үзэж эхлэв. Ээж очоод, дандаа хар, муу мэдээ үзлээ гэх зэргээр үглэж эхэлснээ гэнэт дуугаа намсгаад, тэр 2 шивнэлдэж эхлэлээ. Яагаад ч юм энэ миний сонирхлыг төрүүлж, уншиж байсан номоо тавиад, том өрөө рүү чих тавин, сэмээрхэн мөлхлөө.
-Хамт явж үзүүлэв үү?
-Үзүүлсээн үзүүлсэн.
-Юу гэж байна гэж байна тэгээд?
-Тархины хорт хавдар, эцсийн шатандаа орсон байна гэнэ. Турж эцээд бүүүр нүднээс гарчихсан байна лээ.
Хэн?
-Тийм үү? Яасан ч зовлонтой юм дээ. Хүү мэдэж байгаа юу?
-Чи өөрөө хүүдээ хэлэхгүй юу! Цаадах чинь хэлж чадахгүй гэсэн.
Юун хүү?!?
-Өөр?
-Уулзмаар байна гэсэн. Хагас жил ч болохгүй гэсэн.
Аав уртаар санаа алдав. Харин би бүр гайхаж орхилоо. Юун хүн, юун айхтар өвчин, яадаг хүү вэ? Яах аргагүй хүүдээ гэж ярьж байсан, тэгэхээр аав хүүтэй болж таарж байна уу? Би яг андуурсан байх аа.

No comments:

Post a Comment