Sunday, March 29, 2015

Харри Поттер ба Миний Амьдрал

Би анх 9-р ангидаа номын дэлгүүрт Харри Поттер ба Азкабаны Хоригдол номыг зарж байхдаа таарч байлаа. Шууд хараад л, зүрх хурдан цохилоод л... Хатуу хавтастай, гоё цаастай, гоё ч фондоор бичигдсэн, нэг хуудсан дээрх үг үсгийн тоо таарчихсан, гүй ээ мөн сайхан амьтан байсансан. Гялс гэр лүүгээ гүйж очоод ааваас гуйн байж 10000 төгрөг аваад нөгөө номоо худалдаж авсан.
Анх удаагаа л англи хэл дээр ном уншиж байгаа нь тэр байв. Өмнө нь зурагтай, зургийг нь хараад л ойлгож болох тийм ном л ганц, хоёрыг уншсан туршлагатай байлаа. Харри Поттерийнхоо эхний хэдэн хуудсыг уншаад бараг юу ч ойлгосонгүй, аргаа бараад мэдэхгүй үгнүүдээ тольноос хараад унших гэж оролдсон. Даанч тэгэхээр хэт их цаг алдаад, би ч өөрөө залхаад байсан юм.
Тэгээд шууд л уншиж эхэлсэн, ойлгосон ч, ойлгоогүй ч уншаад л байв. Киног нь нилээд хэд үзэж байсан болохоор `аан тэр хэсэг дээр нь л яваад байна даа` гээд таамгаараа л баахан англи үгнүүд өдөржингөө харж суудаг байлаа. 1 уншлаа, дараагийн ном нь олдоогүй учраас 2 дахиа уншлаа, 3 дахиа уншлаа. Гэнэт нэг өдөр номоо ойлгоод эхэлсэн! `Аан ингэж байгаа юм байна шдээ!`
Дахиад 1-2 уншихад бүр ч сайн ойлгодог болж, үгийн баялаг нэмэгдэж, гол нь үгийг өгүүлбэрээр нь, параграфаар нь ойлгодог болов. Ингээд дээд ангийн эгчээсээ бусад 6 номыг нь э-ном хэлбэрээр авж уншлаа. Өдөр шөнөгүи компьютерийн урд ангайгаад л суучихна. Хоолоо идэхээ ч мартчихна. Уншиж дуусаад ийм номыг яаж ингэж сэтгэж бичдэг байна аа гэж гайхч, биширдэг байлаа.
Дараа нь 11-р ангид Англи Хэлний олимпиадад бэлдэж байхдаа ч Харри Поттерийн 7 номыг уншиж, мөнгөн медаль авсан. Би өөрийгөө лаг Англи хэл мэддэг, ёстой мундаг энтр гэх гээгүй шүү! Харин ч тийм биш, гэхдээ би iBT Toefl шалгалтны унших хэсэг дээр 30 буюу бүтэн оноогоо авсан юм.
Даанч анх авсан жилдээ анги дээрээсээ тэр номоо алдчихсан. Аймар гутарч байж билээ. Ямар муухай нь авдаг байна аа гээд уур хүрдэг байв. Нэг шөнө Чингис Хаан зүүдээ манаж хоноод, зарим шийдвэрээ гаргадаг байсан гэдгийг сонсоод, зүүдэндээ тэр хулгайчийг харах юмсан гэж бодоод унтсан юм. Тэгтэл 11-р ангийн нэг эгчийг зүүдэлсэн л дээ, хөөрхий аваагүй байх өө, зүгээр л зүүд шд гэж бодоод өнгөрсөн дөө.

No comments:

Post a Comment