Thursday, January 29, 2015

Валентиний баярын өмнө 100% төгс шоколад хайлуулах тухай

Үнэнээ л хэлье, би 20 гаруй наслахдаа 3 удаа л шоколад хайлуулж үзсэн. Эхлээд нэг Alpen Gold шоколад аваад, задлаад, тавган дээр тавиад, богино долгионы зуухандаа 3 минут хийчихсэн. 3 минутын дараа гаргаад иртэл нөгөө шоколаднаас маань бөөн элсэн чихэр бас хар нүүрс үлдсэн байсан юм. Дараагийн удаад нь арай туршлагажаад шоколадаа хайруулын тавганд хийж байгаад шарав аа. Бас л доод тал нь түлэгдэж наалдаад, хэвэнд ч орохооргүй өтгөн юм болж орхисон.
Харин сүүлийн удаад нь найзуудаасаа, интернетээс гээд мэдээлэл цуглуулж байгаад шоколад хайлуулах ажилдаа оров. Эхлээд том саванд ус буцалгана, тэгээд дотор нь арай жижигхэн сав хийнэ. Арай жижигхэн саваа бага зэрэг тослож болно, тослохгүй байсан ч болно л доо, ялгааг нь би олж хараагүй. Тэгээд хэр их шоколад хайлуулахаас хамаараад хар шоколад, сүүтэй шоколад хольж авах хэрэгтэй. Шоколадаа жижигхэн болгож хугалаад, бага багаар жижиг савандаа хийгээд хутгаж хайлуулна. Хэт өтгөн болоод байх шиг байвал жаахан сүү, эсвэл тос нэмж хийгээрэй. Хэтэрхий шингэлчихвэл бас шоколад чинь дараа нь барьцалдахгүй шүү!
Энэ бүх хайлуулах үйлдлийг хийж байх хооронд том савтай ус чинь байнга буцлалтын байдалд байх ёстой. Ингээд бүх шоколадаа хайлуулчихаад амталж үзнэ. Шоколад амтагдаж байвал зөв хийсэн байна гэсэн үг. Одоо харин хэвэндээ хийгээд хэдэн цаг сэрүүн газар байлгахад л 100% төгс шоколад бэлэн болно.

No comments:

Post a Comment