Өчигдөр гэртээ иртэл үүдэнд ягаан зүрхэн хээтэй цаасан хайрцаг, ширээн дээр шилэн хос хун байлаа. Юу вэ? 20 гарчихаад ийм бэлэг өгдөг залуу, авдаг бүсгүй байдаг гэж үү? 20 гарсан бүсгүйг найрах гэж хэн нэг залуу шилэн хос хунг сонгож аваад, баглаж боолгоод аваад иржээ. Ядаж тэрний оронд 3 ширхэг улаан сарнай цэвэрхэн боолгоод ирсэн бол арай дээр байх байсан даа гэж бодогдоод амжив. Тэгтэл 10 жилийн нэг явдал санаанд орж ирсэн юм. Монита болж бэлэг задлахад надад далавчаа дэлгэсэн, пластик бүргэд бэлэглэж билээ.
Хэд хоногийн өмнө найзуудтайгаа уулзаж байхад бас бэлэгний тухай яриа болов. Найз залуучууд нь хичнээн үнэтэй гоёл чимэглэл, хувцас хунар бэлэглэсэн ч нэг л санаанд нь таардаггүй, өмсөж чаддаггүй бас солиулж чаддаггүй гэж байсан. Тэгээд залуучууддаа хэрхэн гологдохооргүй бэлэг сонгох талаар хэдэн юм хэлж өгье. Хэтэрхий их кино үзээд, кино шиг амьдрал, аз жаргалтай төгсгөл, романтик зүйлс хүсээд байдаг гээд л эрчүүд нь биднийгээ их шүүмжилдэг. Гэтэл угаасаа эмэгтэй хүмүүс романтик юманд бүр анхнаасаа, кино гэдэг зүйл энэ дэлхий дээр байхгүй байхад дуртай байсан юм ш дээ.
За тэгэхээр, ямар нэг баяр болоод хэн нэг бүсгүйд сэтгэлээ илчлэх, найз охиндоо бэлэг өгөх боллоо гэж бодоё. Тэгвэл эхлээд шилэн, пластик, төмрөөр хийгдсэн хун, галуу, нугас, болжмор, бүргэд, хэрээ, өөр юу ч байдаг юм тиймэрхүү юмнаас татгалзах хэрэгтэй. Нэгд, тэр ер нь шал хэрэггүй бэлэг, хоёрт, тэгээд ч гэрийн засалтай тохирохгүй байх магадлал өндөртэй. Оронд нь миний хэлснээр цэцэг бэлэглэсэн нь хамаагүй дээр. Хэд хоног харж баясна, бас гэрийн засалтай тохирохгүй гэсэн юм ч байхгүй.
Хэрвээ гоёл чимэглэл, ээмэг зүүлт бэлэглэх гэж байгаа бол эхлээд тэр бүсгүйгийн хэрэглэдэг зүйлсийг харж санаа авбал зүгээр байх. Түүний гоёл чимэглэлтэй нь төстэй, гэхдээ өнгө хэлбэрийн хувьд арай өөр зүйлсийг сонговол түүнд таалагдах магадлал өндөр. Хэрвээ тэр том ээмэг зүүлтэнд дуртай бол адилхан томыг, жижиг ээмэг зүүлтэнд дуртай бол жижгийг авж өгсөн нь дээр. Би хүзүүний зүүлт хэрэглэдэггүй ч хүмүүс надад бэлэглэж байсан учраас тэд одоо гоёл чимэглэлийн хайрцганд минь орооцолдоод хэвтэж байгаа.
Хамгийн чухал нь хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч битгий хувцас авж өг. Зохихгүй, таалагдахгүй байх магадлал 99%!!! Манекенд өмсгөсөн хувцас гоё харагдаж байгаа ч эмэгтэй хүн бүрт өөрөөр зохиж болно. Бүр эмэгтэй найзууд нь эмэгтэй найздаа хувцас сонгож авахад хүртэл таалагдахгүй байх магадлал 98%. Дээрээс нь размер нь таарахгүй бол бүр эвгүй байдалд орно. Дахиад хэлье, хувцас бэлэглээд хэрэггүй. Мэдээж хамт дэлгүүр яваад, өмсөж үзээд `Энэ хувцасны энэ размер надад их зохиж байна шүү` гэж хэлсэн бол бас өөр л дөө. Гутал, ороолт, малгай ч бас эрсдэлтэй бэлгэнд орж байгаа юм.
За тэгээд, хямдхан, хуурамч үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний талаар дурсаад ч хэрэггүй биз. Залуу минь, оронд нь амттайхан шиг жижигхэн шоколад бэлэглэсэн нь дээр. Биед муу, арьсанд тохирохгүй, харшил өгөх магадлалтай гээд бодох юм бол гоо сайхны бүтээгдэхүүн ч бас дур мэдэж аваад бэлэглэхэд эвгүй л санагдаж байна шүү.
Тэгээд юу бэлэглэвэл таалагдах юм бэ гэж үү? Тэр бас хүн хүнээсээ шалтгаалаад өөрчлөгдөж болох ч ихэнх эмэгтэйчүүд романтик зүйлст ухаангүй дуртай байдаг юм шиг санагдсан. Хэзээ ч хуучрахгүй, бас `Ээ, арай ч дээ!` гэж бодогдуулахааргүй хэдэн санаа надад байна аа. Эхлээд, цэцэг бэлэглэх. Хэрвээ тэр бүсгүй чинь ургамлын эрхийн төлөө тэмцэгч биш л бол аятайхан баглаа цэцэг, за больё ганц улаан сарнай ч сэтгэлийг нь хөдөлгөж дөнгөнө. Тэгээд жаахан бүтээлч сэтгэвэл ваннаа халуун бүлээн усаар дүүргэж, сарнайн дэлбээ хөвүүлээд... Цаашаа өөрсдөө бодно биз.
Эсвэл, лааны гэрэлд гэртээ, гадуур сайхан дарс шимэнгээ, хооллох байж ч болно. Хоолонд дургүй хүн их ховор байх, тэгээд ч бид бүгд л өлсдөг нь үнэн ш дээ. `Хайр аа! Тэнд, тэдэн цагт хөөрхөн болоод ирээрэй` гэдэг мессеж хааяа ч гэсэн авж байх юмсан гэж нэг танил маань яриж байсан юм.
Миний бодлоор Бестселлер болсон номнуудаас аль нэгийг нь авж бэлэглэвэл бас гологдохооргүй бэлэг болох байх. Хэрвээ бүсгүйгээ гайгүй мэддэг бол уншдаг зохиолчдынх нь номноос бэлэглэвэл бүр гоё бэлэг болно. Кофенд дуртай бол кофений аяга ч юмуу, өөр ямар нэг хэрэгсэл, шоколаданд дуртай бол хааяа нэг чанартай шоколад бэлэглэж, дуртай амттанг нь аваад очвол тэгээд л эмэгтэй хүмүүс чинь уяраад л байна шүү дээ. Ер нь жижигхэн юман дээр сэтгэл хөдөлдөг хачин хүмүүс дээ.
Хэрвээ өөрөө баян бол бэлгийн санаанууд хязгааргүй. Дээрх бол зөвхөн хамгийн энгийн гэхдээ хамгийн найдвартай эмэгтэй хүний сэтгэлийг баясгах бэлэгнүүд юм. Жаахан сэтгээд, жаахан нэмээд, чимээд, хачирлаад өгвөл зааз тэгээд нөгөө бүсгүй ч уярсаан уярсан.
No comments:
Post a Comment