Thursday, January 29, 2015

Валентиний баярын өмнө 100% төгс шоколад хайлуулах тухай

Үнэнээ л хэлье, би 20 гаруй наслахдаа 3 удаа л шоколад хайлуулж үзсэн. Эхлээд нэг Alpen Gold шоколад аваад, задлаад, тавган дээр тавиад, богино долгионы зуухандаа 3 минут хийчихсэн. 3 минутын дараа гаргаад иртэл нөгөө шоколаднаас маань бөөн элсэн чихэр бас хар нүүрс үлдсэн байсан юм. Дараагийн удаад нь арай туршлагажаад шоколадаа хайруулын тавганд хийж байгаад шарав аа. Бас л доод тал нь түлэгдэж наалдаад, хэвэнд ч орохооргүй өтгөн юм болж орхисон.
Харин сүүлийн удаад нь найзуудаасаа, интернетээс гээд мэдээлэл цуглуулж байгаад шоколад хайлуулах ажилдаа оров. Эхлээд том саванд ус буцалгана, тэгээд дотор нь арай жижигхэн сав хийнэ. Арай жижигхэн саваа бага зэрэг тослож болно, тослохгүй байсан ч болно л доо, ялгааг нь би олж хараагүй. Тэгээд хэр их шоколад хайлуулахаас хамаараад хар шоколад, сүүтэй шоколад хольж авах хэрэгтэй. Шоколадаа жижигхэн болгож хугалаад, бага багаар жижиг савандаа хийгээд хутгаж хайлуулна. Хэт өтгөн болоод байх шиг байвал жаахан сүү, эсвэл тос нэмж хийгээрэй. Хэтэрхий шингэлчихвэл бас шоколад чинь дараа нь барьцалдахгүй шүү!
Энэ бүх хайлуулах үйлдлийг хийж байх хооронд том савтай ус чинь байнга буцлалтын байдалд байх ёстой. Ингээд бүх шоколадаа хайлуулчихаад амталж үзнэ. Шоколад амтагдаж байвал зөв хийсэн байна гэсэн үг. Одоо харин хэвэндээ хийгээд хэдэн цаг сэрүүн газар байлгахад л 100% төгс шоколад бэлэн болно.

Wednesday, January 28, 2015

Мэдрэмжгүй залуучуудад зориулсан мэдрэмжтэй бэлэг сонгох зөвлөгөө

Өчигдөр гэртээ иртэл үүдэнд ягаан зүрхэн хээтэй цаасан хайрцаг, ширээн дээр шилэн хос хун байлаа. Юу вэ? 20 гарчихаад ийм бэлэг өгдөг залуу, авдаг бүсгүй байдаг гэж үү? 20 гарсан бүсгүйг найрах гэж хэн нэг залуу шилэн хос хунг сонгож аваад, баглаж боолгоод аваад иржээ. Ядаж тэрний оронд 3 ширхэг улаан сарнай цэвэрхэн боолгоод ирсэн бол арай дээр байх байсан даа гэж бодогдоод амжив. Тэгтэл 10 жилийн нэг явдал санаанд орж ирсэн юм. Монита болж бэлэг задлахад надад далавчаа дэлгэсэн, пластик бүргэд бэлэглэж билээ.
Хэд хоногийн өмнө найзуудтайгаа уулзаж байхад бас бэлэгний тухай яриа болов. Найз залуучууд нь хичнээн үнэтэй гоёл чимэглэл, хувцас хунар бэлэглэсэн ч нэг л санаанд нь таардаггүй, өмсөж чаддаггүй бас солиулж чаддаггүй гэж байсан. Тэгээд залуучууддаа хэрхэн гологдохооргүй бэлэг сонгох талаар хэдэн юм хэлж өгье. Хэтэрхий их кино үзээд, кино шиг амьдрал, аз жаргалтай төгсгөл, романтик зүйлс хүсээд байдаг гээд л эрчүүд нь биднийгээ их шүүмжилдэг. Гэтэл угаасаа эмэгтэй хүмүүс романтик юманд бүр анхнаасаа, кино гэдэг зүйл энэ дэлхий дээр байхгүй байхад дуртай байсан юм ш дээ.
За тэгэхээр, ямар нэг баяр болоод хэн нэг бүсгүйд сэтгэлээ илчлэх, найз охиндоо бэлэг өгөх боллоо гэж бодоё. Тэгвэл эхлээд шилэн, пластик, төмрөөр хийгдсэн хун, галуу, нугас, болжмор, бүргэд, хэрээ, өөр юу ч байдаг юм тиймэрхүү юмнаас татгалзах хэрэгтэй. Нэгд, тэр ер нь шал хэрэггүй бэлэг, хоёрт, тэгээд ч гэрийн засалтай тохирохгүй байх магадлал өндөртэй. Оронд нь миний хэлснээр цэцэг бэлэглэсэн нь хамаагүй дээр. Хэд хоног харж баясна, бас гэрийн засалтай тохирохгүй гэсэн юм ч байхгүй.
Хэрвээ гоёл чимэглэл, ээмэг зүүлт бэлэглэх гэж байгаа бол эхлээд тэр бүсгүйгийн хэрэглэдэг зүйлсийг харж санаа авбал зүгээр байх. Түүний гоёл чимэглэлтэй нь төстэй, гэхдээ өнгө хэлбэрийн хувьд арай өөр зүйлсийг сонговол түүнд таалагдах магадлал өндөр. Хэрвээ тэр том ээмэг зүүлтэнд дуртай бол адилхан томыг, жижиг ээмэг зүүлтэнд дуртай бол жижгийг авж өгсөн нь дээр. Би хүзүүний зүүлт хэрэглэдэггүй ч хүмүүс надад бэлэглэж байсан учраас тэд одоо гоёл чимэглэлийн хайрцганд минь орооцолдоод хэвтэж байгаа.
Хамгийн чухал нь хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч битгий хувцас авж өг. Зохихгүй, таалагдахгүй байх магадлал 99%!!! Манекенд өмсгөсөн хувцас гоё харагдаж байгаа ч эмэгтэй хүн бүрт өөрөөр зохиж болно. Бүр эмэгтэй найзууд нь эмэгтэй найздаа хувцас сонгож авахад хүртэл таалагдахгүй байх магадлал 98%. Дээрээс нь размер нь таарахгүй бол бүр эвгүй байдалд орно. Дахиад хэлье, хувцас бэлэглээд хэрэггүй. Мэдээж хамт дэлгүүр яваад, өмсөж үзээд `Энэ хувцасны энэ размер надад их зохиж байна шүү` гэж хэлсэн бол бас өөр л дөө. Гутал, ороолт, малгай ч бас эрсдэлтэй бэлгэнд орж байгаа юм.
За тэгээд, хямдхан, хуурамч үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүний талаар дурсаад ч хэрэггүй биз. Залуу минь, оронд нь амттайхан шиг жижигхэн шоколад бэлэглэсэн нь дээр. Биед муу, арьсанд тохирохгүй, харшил өгөх магадлалтай гээд бодох юм бол гоо сайхны бүтээгдэхүүн ч бас дур мэдэж аваад бэлэглэхэд эвгүй л санагдаж байна шүү.
Тэгээд юу бэлэглэвэл таалагдах юм бэ гэж үү? Тэр бас хүн хүнээсээ шалтгаалаад өөрчлөгдөж болох ч ихэнх эмэгтэйчүүд романтик зүйлст ухаангүй дуртай байдаг юм шиг санагдсан. Хэзээ ч хуучрахгүй, бас `Ээ, арай ч дээ!` гэж бодогдуулахааргүй хэдэн санаа надад байна аа. Эхлээд, цэцэг бэлэглэх. Хэрвээ тэр бүсгүй чинь ургамлын эрхийн төлөө тэмцэгч биш л бол аятайхан баглаа цэцэг, за больё ганц улаан сарнай ч сэтгэлийг нь хөдөлгөж дөнгөнө. Тэгээд жаахан бүтээлч сэтгэвэл ваннаа халуун бүлээн усаар дүүргэж, сарнайн дэлбээ хөвүүлээд... Цаашаа өөрсдөө бодно биз.
Эсвэл, лааны гэрэлд гэртээ, гадуур сайхан дарс шимэнгээ, хооллох байж ч болно. Хоолонд дургүй хүн их ховор байх, тэгээд ч бид бүгд л өлсдөг нь үнэн ш дээ. `Хайр аа! Тэнд, тэдэн цагт хөөрхөн болоод ирээрэй` гэдэг мессеж хааяа ч гэсэн авж байх юмсан гэж нэг танил маань яриж байсан юм.
Миний бодлоор Бестселлер болсон номнуудаас аль нэгийг нь авж бэлэглэвэл бас гологдохооргүй бэлэг болох байх. Хэрвээ бүсгүйгээ гайгүй мэддэг бол уншдаг зохиолчдынх нь номноос бэлэглэвэл бүр гоё бэлэг болно. Кофенд дуртай бол кофений аяга ч юмуу, өөр ямар нэг хэрэгсэл, шоколаданд дуртай бол хааяа нэг чанартай шоколад бэлэглэж, дуртай амттанг нь аваад очвол тэгээд л эмэгтэй хүмүүс чинь уяраад л байна шүү дээ. Ер нь жижигхэн юман дээр сэтгэл хөдөлдөг хачин хүмүүс дээ.
Хэрвээ өөрөө баян бол бэлгийн санаанууд хязгааргүй. Дээрх бол зөвхөн хамгийн энгийн гэхдээ хамгийн найдвартай эмэгтэй хүний сэтгэлийг баясгах бэлэгнүүд юм. Жаахан сэтгээд, жаахан нэмээд, чимээд, хачирлаад өгвөл зааз тэгээд нөгөө бүсгүй ч уярсаан уярсан.

Sunday, January 11, 2015

Зүүднээс Эхэлсэн - 2

Хэд хоногийн дараа, гэрээ цэвэрлэнгээ дуу дуулаад л, би их жаргалтай байлаа. Оройн хоолондоо хуушуур хийхээр төлөвлөв. Хаалга тогшоод байна уу даа? Хөгжмийнхөө дууг багасгавал яах аргагүй хэн нэг бүдүүлэг хүн чанга гэгч хаалгыг маань балбаж байна шүү.
-Хэн бэ?
-Бямбаа байна уу?
-Байхгүй ээ.
-Уулзах хэрэгтэй байна. Ороод хүлээж байя!
Оруулах уу? Байх уу? Хаалганыхаа түгжээг тайллаа. Насаараа надтай ойролцоо ч хамаагүй өндөр, даруухан хувцасласан залуу зогсож байна. Над руу муухай хараастай. Манай аав энэ хүүхдийн аавд өртэй байгаад өрөө өгөхөө мартсан юм байх даа?
-Аавтайгаа уулзах гэж ирлээ.
-Өө тэгвэл өөр Бямбаа байх. Чамайг танихгүй юм байна.
-Хөөе, охион! Чи яасан өөртэй итгэлтэй байх юм.
Зэвүүн үгтэй юм бэ?
-Би энэ айлын охин болохоор мэдэлгүй яах вэ!
-Чи ч гэнэнээрээ байх шив. Би чиний эцэг нэгтэй, эх өөртэй дүү чинь ш дээ!
Айн??? Юу болоод байна аа. Яг айл андуурсан байх. Эсвэл мэдрэл муутай.
-За тэнэгтээд байлгүй яв. Чи угаасаа айл андуурсан байна.
-Аав руу залгаад намайг ирсэн байна гээд хэл дээ.
...
Намайг утасдсанаас яг 17 минутын дараа аав ирлээ. Намайг өрөөндөө ор гэж загнаад тэр 2 хоорондоо их удаан ярилцаж суув. Хэрвээ тэр хүүхдийн хэлсэн үнэн бол? Би үнэн биш байгаасай л гэж залбирж байна. Ээж хурдан ирээсэй, бүхнийг мэдэх юмсан. Яагаад ч юм миний нулимс урсаад байсан учраас орондоо оръё гээж шийдэв. Гэтэл нам унтчихаж ээ. Хэн нэгний зөөлөн гар үсийг минь илэхэд би сэрлээ. Нүд минь уйлсаар байгаад хавдаж, зовхи нэг л хүнд болчихож.
-Охион, өнөөдөр их гайхав уу? Аав ээж 2 нь чамд хэлээгүй ийм юм нууж байсанд уучлаарай.
-Ээж, үнэн юм уу?
Хоолойд нэг их юм ирээд гацчихав.
-Үнэн.
Ээж муухан инээмсэглэлээ.
-Тэр хорт хавдартай хүн тэгвэл аавын? нөгөө... тэр хүүхдийн?
Яагаад ч юм ийм бодол толгойд орж ирээд, тэсэлгүй асуув.
-Ээж нь, аавын чинь...
-Та яаж мэддэг юм бэ? Хэзээнээс? Яаж? Надад бүгдийг нь яриад өг. Та бид 2 нэгнээсээ юм нуудаггүй шүү дээ.
-Ээж нь бүр анхнаас нь мэддэг байсан юм аа. Аав чинь орост төгсөж ирэхдээ л тэр хүүхэнтэй их дотно найзууд гээд байнга нийлдэг, хамт байр хөлсөлдөг байсан юм. Орост ч гэсэн нэг дотуур байранд, нэг өрөөнд хулгайгаар хамт амьдардаг байсан гэсэн.
Ээж чимээгүй болчихов.
-Тэгээд?
-Тэгээд аав ээж 2 нь танилцаж, үерхдэг болсон ч тэр хүүхэнтэйгээ хамт амьдарсаар л байсан. Би эхэндээ нэг их тоодоггүй байсан ч, сүүлдээ ганц нэг уурлаж, тусдаа амьдар гэж шаарддаг болсон. Харин тэгэх болгонд минь л бид 2 зүгээр л найзууд шүү дээ, битгий илүү юм бодож өөрийгөө зовоо гэдэг байсан юм. Би ч аавд чинь нэгэнт хайртай болсон учраас түүнд итгэдэг байлаа. Итгэдэг ч гэж дээ. Итгэж байна, итгэх ёстой гэж өөртөө байнга хэлдэг байсан. Инээдтэй нь, би жирэмсэн болчихоод аавын чинь хөлсний байранд нүүж очоод, нэг өрөөнд нь тэр, нөгөө өрөөнд нь бид 2 амьдардаг болсон. Ээж нь чамайг төрүүлэхдээ хүндрэл өгж, бие тэнхрэхгүй байсан болохоор аавынх руугаа явж 6 сар хиртэй болчихоод ирсэн юм. Харин эргээд иртэл нөгөө хүүхэн чинь цондгор гэдэстэй болсон байдаг байгаа.
-Нээрээ юу?
-Тийм ээ. Би ч нөхөртэй болчихож гэж л бодсон. Нөгөө хүнээ танилцуулаач гэхээр тэгнээ л гэдэг байсан юм. Гэтэл төрөх дөхчихөөд байхад эрэгтэй хүний бараа харагдахгүй болохоор нь би дотроо хөөрхий эцэггүй хүүхэд төрүүлж байна гээд их л өрөвддөг байлаа. Аав чинь бид 2т шөл хийж гүйгээд л. Би ч чадах ядахаараа их л тусалдаг байсан. Инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг.
-Би итгэж чадахгүй нээ. Аав үнэхээр тэгсэн гэж үү?
 -Амьдрал шүү дээ. Уул нь бол тэр хүүхэн аавтай чинь 10 жилдээ хэсэг үерхэж байгаад салсан, анхны хайраа өгсөн гэсэн. Бүр сүүлд өөрөө ярьсан юм. Гэтэл аав чинь тоогоогүй юм байх. Тэгээд л намайг эзгүйчлээд, жаахан халамцуу ирэхэд нь...
-Ээж, би таныг тэнэг гэх үү, юу гэх вэ? Та яаж ийм юмыг тэсдэг байсан юм бэ?
-Эхэндээ бүх юм утгагүй санагдах нь тодорхой шүү дээ. Би уурласаар байгаад өөр байр луу нүүсэн. Байнга л уйлдаг байлаа. Аав чинь хөөрхий буруу юм хийсэн болохоор их ч тэвчсэн дээ. Тэр хүүхэнд л бүх буруугаа өгнө.
-Та хэзээ мэдсэн юм бэ?
-Тэр овоо тэвчээртэй хүүхэн байсан шүү. Хүүгээ ганцаараа 4 нас хүртэл нь үг дуугүй л өсгөсөн. Харин 4 хүрэх үед нь өөрийгөө тархины хорт хавдарын анхан шатанд явж байгаагаа мэдсэн юм. Нэг орой л хүүгээ дагуулж ирээд хамаг юмаа ярьсан. Тэгэхэд хүн юу ч хийж чаддаггүй юм билээ. Дээрээс хүв хүйтэн ус асгачихсан юм шиг. Би ч маргааш өглөө нь чамайг аваад аавынх руугаа явсан даа. Аав чинь араас ирж алдаа байсан, уучлаач гээд уйлж гуйсан. Тэгэхэд нь би энэ хүн надад үнэхээр хайртай юм байна гэж бодсон доо. Гэхдээ л бидний харьцаа нэг л өөр болчихсон. Угаасаа яаж ч олигтой байх вэ дээ.
-Одоо тэгээд яадаг юм?
-Одоо нэг их удаан амьдрахгүй хүнийг яалтай вэ. Анх бол үзэн яддаг байлаа. Харин одоо бол өрөвддөг юм аа. Аав чинь ч тэгдэг байх. За за, баахан дэмий юм ярьчих вуу даа? Гэхдээ хэлэх цаг нь болсон юм шиг байна.
-Угаасаа миний мэдэх цаг ч болж.
-За охион, сайхан амар даа.

Духан дээр үнсэв. Гуниг үнэртэх шиг. Шөнөжингөө энд тэнд нялх хүүхэд уйлж байна гэж зүүдэллээ.

Saturday, January 10, 2015

Зүүднээс Эхэлсэн - 1

Шар шар шар...
Хөл доор цас дуугарна. Их хүйтэн байгаа бололтой харин би огт даарахгүй байх юм. Энд юу хийж байгаа юм бол оо би?
-Би маргааш явна.
Гэнэт хурц гэрэл нүд рүү туслаа. Машин уу? Ойртсоор, энэ маягаараа намайг дайрах нээ. Угаасаа намайг дайрах гэж ирсэн гэдгийг нь гэнэт ойлголоо. Харин яагаад гэдгийг нь ойлгосонгүй.
-Чи түүнтэй хамт эмнэлэгт явчих!
Би ямар нэг муу юм хийгээд, одоо хэн нэгэн нь надаас хариугаа авах гэж байгаа юм. Зугтаах гэтэл хөл хөдөлдөггүй ээ. Хурдан гүйхийг хүссэн ч хийж чадах ганц юм маань маш удаанаар алхах байлаа.
-Уучлаарай. Гэхдээ чи ойлго л доо. Өөр ямар ч арга алга.
Гүйж чадахгүй байгаадаа уур минь үнэхээр их хүрж, бараг л галзуурах нээ.
-Чамайг нэг насаар чинь ингэж зовоож байгаа болохоор надад ч бас хэцүү байна.
Гэнэт сэрчихэв. Зүүд байсан байна шүү дээ. Тэгээд л гүйж чадахгүй байсан байна. Орондоо хэдэн хором тайвшрах санаатай хэвтэнгээ, зүүдээ бодлоо. Тэр яриа нь юу байв аа? Бас л зүүд юм байх даа?
Өглөө сэрэх болгондоо өлсөж сэрдэг болохоор хамгийн түрүүнд гал тогоо руугаа нойрмоглож очдог зуршилтай хүн л дээ би. Сурсан зангаараа гал тогоо орвол аав ээж 1 цайгаа уучихсан сууж байна. Ээж хөмсгөө зангидаж ээ. Харин аав үгийн зөрөөгүй бушуухан цайгаа уучихаад зөрөөд гараад явчихав. Томилолтоор өнөөдөр хөдөө явж байгаа юм. Угаасаа л ийм хүн. Хэзээ ч намайг үнсэж, тэвэрж, надтай дотно байж үзээгүй дээ.
-Цай уу, охион!
Ээж ингэдэг юм, танихгүй охин дуудаж байгаа юм шиг. Гэхдээ ээж аавын яг эсрэг хүн. Надад хамаг юмаа яриж, намайг ч сайн сонсоно. Бага байхад хааяа ээж маань намайг тэвэрж удаан уйлчихаад юу болсныг асуухаар юу ч хэлдэггүй байсан юм. Их л уяхан хүн байсан юм шиг байна лээ.
-За. Аав та 2 тохиромжгүй байгаа юм уу?
Өөртөө цай аягаллаа.
-Үгүй үгүй.
-Ээж, худлаа яриад л. Гэхдээ юу ч байсан аавын буруу, таны зөв!
-Тэр ч үнэн шүү гээд бид 2 хөхрөлдлөө.
Амралтын өдөр би ном уншаад л, кофе уугаад л өнждөг юм. Харин ээж ганц амралтын өдрөөрөө өдөржин гадуур яваад орой нэг их ядарсан амьтан ирэв. Нэг л ууртай бас гунигтай. Бодвол хөөцөлдсөн ажил нь бүтээгүй бололтой.
Хэд хоногийн дараа аав томилолтоосоо ирлээ. Бушуухан усанд орчихоод том өрөөнийхөө буйдан дээр залраад, хэдэн мэдээний сувгуудыг ээлжлээд үзэж эхлэв. Ээж очоод, дандаа хар, муу мэдээ үзлээ гэх зэргээр үглэж эхэлснээ гэнэт дуугаа намсгаад, тэр 2 шивнэлдэж эхлэлээ. Яагаад ч юм энэ миний сонирхлыг төрүүлж, уншиж байсан номоо тавиад, том өрөө рүү чих тавин, сэмээрхэн мөлхлөө.
-Хамт явж үзүүлэв үү?
-Үзүүлсээн үзүүлсэн.
-Юу гэж байна гэж байна тэгээд?
-Тархины хорт хавдар, эцсийн шатандаа орсон байна гэнэ. Турж эцээд бүүүр нүднээс гарчихсан байна лээ.
Хэн?
-Тийм үү? Яасан ч зовлонтой юм дээ. Хүү мэдэж байгаа юу?
-Чи өөрөө хүүдээ хэлэхгүй юу! Цаадах чинь хэлж чадахгүй гэсэн.
Юун хүү?!?
-Өөр?
-Уулзмаар байна гэсэн. Хагас жил ч болохгүй гэсэн.
Аав уртаар санаа алдав. Харин би бүр гайхаж орхилоо. Юун хүн, юун айхтар өвчин, яадаг хүү вэ? Яах аргагүй хүүдээ гэж ярьж байсан, тэгэхээр аав хүүтэй болж таарж байна уу? Би яг андуурсан байх аа.